Майдар хотыг бүтээн байгуулахад 40 тэрбум евро шаардлагатай

2020-07-27 22:02:08 | 49 | 0


Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо болон яамны газрын дарга нар тэргүүтэй албаныхан Хөшгийн хөндийд ажиллаж, Шинэзуун мод, Майдар хотуудын ерөнхий төлөвлөлт, ажлын явцтай танилцав.

 

Шинэзуун мод хотын төлөвлөлт, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй танилцлаа

 

 

Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдсан Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган бий болох Шинэзуун мод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй танилцах үеэрээ холбогдох албаныханд дэд бүтэц, усны асуудлаас хот төлөвлөлт эхэлдэг учраас туршлагатай хүмүүстэй хамтран ажиллаж санал солилцох ажлыг зохион байгуулах ёстой хэмээн Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хэлсэн юм.

 

Шинэзуун мод хотод 9479 өрхийн 34119 хүн оршин суух бөгөөд хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу худалдаа, үйлчилгээ хосолсон эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, холимог тээврийн нэгдсэн логистикийг хөгжүүлэхээр тусгагдсан байна.

 

Урьдчилсан тооцоогоор 32 их наяд төгрөгөөр тус хотыг байгуулна. Үүнд цэвэрлэх байгууламж, дэд бүтэц, ус хангамж гэх мэт бүхий л асуудлууд багтсан байна.

 

Майдар хотын ерөнхий төлөвлөгөөтэй танилцаж, тодорхой үүрэг чиглэл өгөв

 

Дараа нь Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд Э.Золбоо болон албаны хүмүүс “Майдар хот” төслийн ерөнхий төлөвлөгөөтэй танилцаж, төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авав.

 

Майдар хот нь 110 мянган га талбайтай, 300 мянган оршин суугчтай, их сургууль, музей, сүм, хийд, аялал жуулчлалын байгууламжууд, кино үйлдвэрлэл явуулах орчныг бүрдүүлсэн том бүтээн байгуулалт болно хэмээн төслийн багынхан хэлж байлаа.

 

Энэ хотод Их соён гэгээрүүлэгч анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын 17 дугаар зуунд Майдар бурхны дүрийг 72 см өндөртөй урлан амилуулсан эх загварыг 75 дахин томруулан 54 метр өндөр Майдар бурхны бие лагшныг орчин цагийн урлагийн бүтээл болгон 108 метр өндөр суварган байгууламжийн хамт босгох юм.

 

Майдар хотыг бүтээн байгуулахад 40 тэрбум евро хэрэгтэй аж.

 

 

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар:

 

-Хот байгуулна гэдэг цаасан дээр зураад гаргачихдаг үйл явц биш. Бодит судалгаа, тооцоо, мэргэжлийн хүмүүсийн санал зөвлөмж дээр үндэслэж байж хийгддэг ажил. Зөвхөн дан ганц хот бус зэргэлдээх хот суурин газруудыг тооцоолон, хамтад нь хөгжүүлэх шаардлагатай. Тэгэхээр усны нөөц, инженерийн шугам сүлжээ, цахилгааны эх үүсвэр, дулааны шийдэл, цэвэрлэх байгууламжийн тоо, байршил зэрэг суурь судалгааг зайлшгүй хийх шаардлагатай.

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Шинэ мэдээ

Ямар нэгэн санал асуулга алга байна