УИХ-ын гишүүний зөвлөх, туслах, бие төлөөлөгчдөд зориулсан чиглүүлэх сургалт болж байна

2020-07-30 21:23:11 | 42 | 0


Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс өнөөдөр /2020.07.30/ ээлжит сургалтаа зохион байгуулж байна.

 

    УИХ-ын гишүүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч нарт зориулсан чиглүүлэх сургалтыг Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан нээж, Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа удирдлаа.

 

    УИХ-ын гишүүний зөвлөх, туслах бие төлөөлөгч нь УИХ-ын гишүүдийг хууль тогтоох, хянан шалгах, ард түмнийг төлөөлөх үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд өдөр тутам хамтарч ажиллаж,  дэмжлэг туслалцаа үзүүлдэг гол хүмүүс учир шинээр парламент байгуулагдсаны дараа чиглүүлэх сургалт зохион байгуулдаг уламжлалтай.

    

   

 Тус сургалтаар УИХ-ын Тамгын газрын бүх нэгж, хэлтсийн дарга, удирдлагууд  үйл ажиллагаагаа танилцуулж, УИХ-ын Тамгын газартай хэрхэн хамтарч ажиллах, хамтын ажиллагаагаа нягт байлгаснаар хууль тогтоох үйл ажиллагаа, хуулийн чанарт хэрхэн нөлөөлж болох талаар болон УИХ-ын гишүүний хууль тогтоох, хянан шалгах, ард түмнийг төлөөлөх үүрэг, оролцооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч байна.

 

    Сургалтын үдээс өмнөх хэсэгт УИХ-ын Тамгын газрын Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Пүрэвдагва “Захиргаа, хүний нөөцийн хэлтсээс үзүүлэх үйлчилгээ, УИХ-ын гишүүний зөвлөх, туслахын ажил, анхаарах зарим асуудал” сэдвээр мэдээлэл хийлээ.

        

 

    Мөн Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал, Хэвлэл мэдээлэл,  олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар, Гадаад харилцааны хэлтсийн зөвлөх М.Батболд нар тус тусын  хэлтсийн үйл ажиллагааг танилцуулж, Удирдлагын академийн Удирдлага, сэтгэл зүйн тэнхимийн эрхлэгч Г.Жаргал “Цагийн менежмент” сэдвээр илтгэл тавилаа.  

 

    Дээрх мэдээлэл, танилцуулга, илтгэлтэй холбогдуулж сургалтад оролцогчдын асуусан асуултад албан тушаалтнууд дэлгэрэнгүй хариулт өглөө.  

     

  

 

    Сургалтын үдээс хойших хэсэгт Хяналт шалгалт, үнэлгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэгт Улсын Их Хурал хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэх талаар мэдээлэл өгч байгаа бол Санхүү, хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Лхагвасүрэн, Хуралдаан зохион байгуулах хэлтсийн дарга З.Нямцогт, Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ж.Элбэгзаяа, Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа нар тус тусын  хэлтсийн үйл ажиллагааг танилцуулна.

 

    Мөн Архивын эрхлэгч Т.Дэмбэрэлням архив, албан хэрэг хөтлөлтийн талаар мэдээлэл өгч, Парламентын судалгааны хүрээлэнгийн судлаач Ц.Ариунаа парламентын судалгаа хийх арга, туршлагаас хуваалцах юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Шинэ мэдээ

Ямар нэгэн санал асуулга алга байна